Шулуун гэдэсний цагаан хорхойны шинж тэмдгийг илрүүлдэг. Хүүхэддээ хоёроос гурван хоногийн турш түүхий лууванг үрж шүүсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идүүлнэ. Лууванд агуулагддаг эфирийн тос нь нянгийн эсрэг үйлчилдэг. Шинэхэн шахсан луувангийн шүүсийг тэр дор нь уух хэрэгтэй. Ихээр уусанаас А витамины илүүдэл болно гэж болгоомжлох хэрэггүй. Хүүхдийн арьс шар туяатай болоход ч санаа зовсоны хэрэггүй.
Шулуун гэдэсний цагаан хорхойг ингэж үгүй хийдэг
Балчир үрээ хэзээ ч битгий “Дайсны цэрэг” гэж өхөөрдөөрэй
Үг хүчтэй гэдэг. Хэн хүний тоглоом шоглоомоор хэлсэн үг олон давтагдахаар үнэн болж амьтай болдог байна. Бид үг үйлдэл болж, үйлдэл амьдрал болдог гэж ярьцгаадаг хэр нь үг, үйлдэлдээ болгоомжтой хандах нь ховор. Хэдэн арван хоногийн өмнө муу үгийн шид биелсэн тухай таагүй мэдээ сонсоод сэтгэл зарсхийгээд явчихлаа. Яг л над шиг балчир үртэй залуус хүүгээ зуурдаар алдажээ. Өвчин тэр бүр ороогоод байдаггүй хөөрхөн сэргэлэн хүү байж. Дэндүү хурдан хөдөлгөөнтэй болохоор аав ээж, ах дүү нар нь “дайсны цэрэг” гэж өхөөрддөг байж л дээ. Бидний ихэнх нь хөөрхөн алаг үрсээ ингэж өхөөрддөггүй гэж үү. Бараг л нийтлэг үзэгдэл.
Гэтэл гэнэт л хайртай дотны хүмүүсээ орхиод явсан хүүгийн үхлийн шалтгаан нь олныг эмэгзлүүлж бас гайхшруулсан юм. Нутаг хошуундаа гайхагдсан мэргэн, хүчтэй лам хэсэг нүдээ аньж сууснаа “Юуг нь гайхах вэ дээ, та нар. Дайсны цэрэг чинь л явчихсан байна. Харин ч сайн хэрэг болсон юм биш үү та нарт. Үрс нялхасаа ч зөв өхөөрдөж, эрхлүүлж чадахгүй яачихсан улс байдаг юм” гэж ихэд ширүүн зандарсан гэдэг. Сэтгэл сэрдхиймээр сонсогдож байгаа биз дээ, нээрээ л дайсны цэрэг бол дайсных л байдаг шүү дээ. Тэгэхээр яаж нэг халуун амь болж чадах билээ дээ. Үгийн ид ийм л хүчтэй байх нь. Найзаасаа сонссон энэ эмэгнэлт үйл явдлыг бодох бүртээ л би үгээ өөрийн эрхгүй үгээ цэгэнэдэг юм. Би хүүгийнхээ арга эвийг нь олох гэж ядах бүртээ л “Ямар хэцүү хүүхэд вэ, чи” гэж аашилдаг байлаа. Бодох нь ээ “энэ “хэцүү” гэдэг үг миний хүүгийн ирээдүйн амьдралд биелэлээ олчихвол яана” гэж эмээдэг боллоо. Та нар маань ч гэсэн үр хүүхэдээ зөв өхөөрдөж, зөв үг хэлж заншаарай. Алдарт Сталины эмээ ачаа сэрээхдээ өглөө бүр “Дэлхийг донсолгосон алдарт үр минь сэр дээ, сэр гэж” дууддаг байсан юм гэнэ лээ… Санаж явахад илүүдэхгүй л болов уу.
Хүүхэд нь амжилтад хүрдэг аав ээжийн нийтлэг шинжүүд
Үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж бүх л аав ээж хүсдэг. Хүүхэд бүрийг амжилтад хүргэдэг хүн бүхэнд үйлчлэх бэлэн жор байхгүй ч зарим нэг судалгааны дүнд амжилтад хүрдэг хүүхдийн аав ээжид ажиглагддаг зарим нийтлэг шинж тодорхой болж ирж байна. Эдгээрт
- Хүүхэддээ итгэл хүлээлгэдэг
- Өөрсдөө нийгэмд зохих хэмжээний статустай
- Өндөр боловсролтой
- Харьцангуй багаас нь үсэг тоо зааж эхэлсэн
- 3 нас хүртэл нь хайр энхрийлэл дүүрэн өсгөсөн(орлого, боловсролын түвшнээс үл хамааран амжилтад хүрэх магадлал нэмэгдэнэ)
- Хүүхдийнхээ хажууд стресстэй бухимдалтай байхаас зайлсхийж чадаг зэрэг шинжүүд багтаж байна.
Түүнээс гадна хүүхдийн амжилтад “хөгжих сэтгэлгээ”-тэй болж хүмүүжих эсэх нь их нөлөөлдөг, ийм сэтгэлгээтэй болох нь аав ээж хүүхдээ юу гэж магтаж байгаагаас их хамаардаг аж.
“Хөгжих сэтгэлгээ” гэж юу вэ?
Амжилтад хүрэхэд юу чухал гэж боддог эсэх нь хүүхдийн дадал зуршилд нөлөөлнө.
Станфорд их сургуулийн сэтгэлзүйч К.Двек олон жил хийсэн судалгааныхаа дүнд хүүхдүүд болон томчууд ч ялгаагүй амжилтыг хоёр өөр хандлагаар авч үздэгийг олж мэдсэн байдаг.
– Эхнийх нь “тогтмол сэтгэлгээ”.
- Хүний характер, ой ухаан, бүтээлч чадварыг хүнд угаас заяасан өгөгдөл, амжилт нь эдгээр өгөгдлөөс үүдэн гардаг, хэр ухаантай, ур чадвартай эсэхийг батлан харуулдаг зүйл гэж үзэх хандлага.
- “Хөгжих сэтгэлгээ” нь эсрэгээрээ амжилтыг хүчин зүтгэл талаас харна. Бүтэлгүйтэх юм бол ухаан муутай, ур чадваргүйгийнх биш харин хөгжих, угаас байсан чадвараа улам туршлагажиж сайжруулах боломж гэж хүлээж авна.
- Гол нь аль талд нь сэтгэлгээ төлөвшихөөс хамаараад ямар нэг хэцүү сорилт тулгарахад өөрийн авьяас чадвараа хөгжүүлэхээр хүчин зүтгэл гаргах эсэхэд нөлөөлж, энэ нь эцсийн дүндээ амжилтад хүрэхэд нөлөөлнө.
Хөгжих сэтгэлгээтэй болгохын тулд?
Шалгалтад онц авсан хүүхдийг толгой сайтай гэж магтах уу, их сайн хичээсэн байна гэж магтах уу?
Эндээс л ялгаа гарч эхэлнэ.
Двек багш нэг туршилтаар хүүхдүүдээс шалгалт авч “хөгжих” ба “тогтмол” хандлагатай хоёр бүлэгт хуваагаад эвлүүлдэг тоглоом тоглуулжээ. Хүүхдүүд тоглоомоо өөрсдөө сонгоно. Ингээд харахад “тогтмол” бүлгийнхэн сайн тогловол өөрсдийнх нь ухаантайг баталж өгөх тул илүү амархан тоглоом сонгож тоглож байсан бол хөгжих сэтгэлгээтэй хүүхдүүд суралцах боломж гэж харж илүү хэцүү тоглоомоор тоглосон ялгаа гарчээ.
Хүүхдээ ухаантайгаа батлахын төлөө биш хөгжихийн төлөө суралцдаг болгохын тулд миний хүү, миний охин толгой сайтай, ухаантай биш сайн хичээсэн байна шүү, их сайн бэлдсэн байна гэх мэт хүчин зүтгэл талаас нь магтаж урамшуулж байгаарай.
Хүүхэд өдөр унтах нь өсөлтөнд сайн нөлөөтэй
Нойр хүний ой ухааныг сайжруулахад хамгийн тустай зүйл гэдэг. Ялангуяа өдрийн цагаар түр дугхийх нь ажилтай хүмүүсийн хувьд эрч хүч өгч, хүүхдүүдийн хувьд сурлагаа сайжруулж, ой тогтоолтоо нэмэгдүүлэхэд нь тус болдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгвэл үүнийг дахин баталсан судалгааг Массачусеттсийн их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн. Судлаачид бага насны 40 хүүхдийг судалгаандаа хамруулж, өдөр бүр хоолны дараа тогтмол нэг цаг унтуулж байжээ. Ингэхэд тэдний үдээс хойшхи хичээл болон маргааш өглөөний хичээлдээ оролцох идэвх оролцоо болоод ой тогтоолт бусад хүүхдээс хамаагүй илүү байжээ. Цэцэрлэгт хүүхдүүдийг өдрийн цагаар унтуулдаг нь тэднийг багшаас сурсан зүйлээ хурдан тогтоож, цовоо сэргэлэн байхад нь их тустай байдаг бол сургуульд ороод ирэхээр хичээлдээ яваад өдөр унтах боломжгүй болгодог. Тиймээс бага насны хүүхдүүдээ идэвхтэй, сурлага сайтай болгоё гэвэл өдөр унтуулж байх нь зүйтэй гэж судлаачид зөвлөж байна.
Хүүхдээ болиулахаасаа өмнө үүнийг уншаарай
Наймаас доош насны хүүхдүүдийн “Яагаад ийм болчихдог байна аа” гэмээр зан гаргадаг нь заримдаа эцэг эхчүүдийг тэвчихийн аргагүй байдалд оруулдаг. Зарим нь арайхийн тэсэж, тайван хандахыг хичээдэг бол зарим нь өөрийн эрхгүй уурлахаа л урдаа барьдаг. Эсвэл бүр хүмүүжүүлж байгаа нэрийдлээр загнаж зандрах нь ч бий. Тэгвэл тэдний энэ тэвчишгүй үйлдэл цаанаа ямар утга агуулдаг бас эцэг эхчүүд бид хэрхэн хүлээж авах зөв юм бол оо?
Хүүхэд чинь орилж, хашгираад эхэлвэл:
Хэрвээ тэд орилж хашгираад эхэлбэл өөрийн зөв гэж бодсон зүйлээ өмөөрч байгаагийн шинж. Энэ нь тэд юунаас ч айхгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж байна гэсэн үг. Энэ зан нь насанд хүрэх тусам эерэгээр эргэх учраас болиулах, байнга чимээгүй байлгах гэж зүтгэх нь аймхай, зориггүй болгох сөрөг талтай.
“Уйланхай”
Амархан уйлдаг хүүхдүүд өөрийгөө “эдгээх” чадвартай байна гэсэн үг. Тэд өөрсдийгөө бухимдлаас хамгаалж, дотроо бүхнээ нуухгүйгээр ил гаргаж байгаа нь тэр. Дотоод таагүй сэтгэл хөдлөлөө ил гаргаснаар тэд сэтгэл зүйн хямралд өртөхөөргүй болж хүмүүждэг. Тиймээс уйлах бүрт нь хүчээр айлгаж, сүрдүүлж, загнаж зогсоохгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй.
“Үгүй, үгүй, үгүй!!!”
Энэ магадгүй хүүхэд бүрийн хэлэх дуртай үг байх. Гэхдээ эцэг эхчүүдийн сонсох дургүй үгийн тоонд ч бас орно. Хэрвээ хүүхэд үгүй гэж хэлж байгаа бол түүнийг аз жаргалтай болгох үйлдэл энэ биш гэдгийг эцэг эхдээ ойлгуулахыг хүсч байгаагийн шинж. Үгүй гэдэг үгийг хэлсэн л бол бүгд ойлгоно гэж итгэдэг учраас л байнга хэлдэг. Тийм болохоор “үгүй” гэж хэлэх бүрт эсэргүүцэхгүй байхыг хичээгээрэй.
Гонгинох/гунших
Хүссэн юмаа авахын тулд тасралтгүй гуйх, ямар нэгэн хүслийг нь биелүүлээгүй бол нэхээд салахгүй, уйлах гэх мэт үйлдэл гаргаад байна уу? Тийм бол танай бяцхан дайсны цэрэг том болоод зорьсондоо заавал хүрдэг тууштай, шаргуу нэгэн болохын шинж. Түүний хувьд насны ялгаагүйгээр хүссэн, төлөвлөснөө заавал биелүүлж, үр дүнг харах нь чухал. Тиймээс гуйсан бүхнийг нь авч өгөхгүй байсан ч энэ зангаа боль гэж загнахаа азнаарай.
“Эцэг эхчүүд хүүхдийнхээ уруул дээр ХЭЗЭЭ Ч ҮНСЭЖ БОЛОХГҮЙ”
Сэтгэлзүйч Эмилия Канзутти /Аргентин/ : “Эцэг эхчүүд хүүхдийнхээ уруул дээр ХЭЗЭЭ Ч ҮНСЭЖ БОЛОХГҮЙ” гэж зөвлөж байна.
Тэрээр “Хүүхдийг уруул дээр нь үнсэх нь тухайн хүүхдийн сэтгэлзүй, танин мэдэхүй, бэлгийн боловсролд гажуудал, ойлгомжгүй байдал үүсгэдэг. Уруул дээр үнсэх нь эсрэг хүйстнээ бэлгийн сонирхлоо илэрхийлэх утгатай бөгөөд, тэнд байх мэдрэлийн эсүүдийг өдөөдөг учраас энэ төрлийн үнсэлт нь ЗӨВХӨН “аав ээж хоёрын дунд л байж болох” үнсэлт гэдгийг хүүхэддээ заах ёстой” гэжээ.
“Эцэг эхчүүд хүүхэддээ уруул дээр үнсэхийг заадаг” гээд, “энэ нь эрүүл ахуйн талаасаа ч, ёс суртахуун талаасаа ч зөв зүйтэй дадал хэвшил биш. Хүүхдийн хувьд уруул дээр үнслээ гээд илүү хайр мэдрэхгүй, хацар дээр нь үнсэж хайраа илэрхийлээрэй” гэж зөвлөжээ.
Монголчууд бид хүүхдийг тэр бүр үнсэж, үнгээд байдаггүй. Тэглээ гээд хайр энэрлээрээ дутаадаггүй. Үнсэхээр бол зулай, дух, хацар дээр ҮНЭРЛЭДЭГ.
Та энэ талаар юу гэж бодож байна?
Танай хүүхэд арай “W” хэлбэрт суудаг юм биш биз дээ
Та хүүхэдээ байнга ажиглаж байх хэрэгтэй. Учир нь тэд дүрсгүй гэнэн зангаасаа болж юунд ч хүрэх магадлалтай шүүдээ. Жишээнь, хүүхэд тоглож сууж байхдаа янз янзын хэлбэрээр суусан байдаг нь харагддаг. Бид тэр бүр тоодоггүй гэтэл энэ асар их сөрөг нөлөөтэй байдгийг оросын мэдээллийн сайтад онцолсон байх юм.
Хүүхэд сууж төрөл бүрийн зүйлийг хийх дуртай байлаг. Тэр бүр эцэг эхчүүд бид анхаараад байдаггүйгээс хүүхэдийн бие мах бодид их хэмжээний сөрөг нөлөө бий болдогийг хэзээ хойно нь мэддэг. Жишээ нь. хүүхдүүдийн түгээмэл ажиглагддаг хэлбэр бол «W» суулт. Энэ хэлбэрийг ихэвчлэн «W» гэж нэрлэх нь бий. Энэ хэлбэр нь хүүхдийн хөлийг майг болгож хөлд маш их хэмжээний ачаалал өгдөг болохыг тогтоожээ.
Энэ байрлал нь хүүхдүүдийн хувьд маш тохиромжтой байдаг. Харамсалтай нь, энэ байрлал нь хамгийн буруу зуршил. “W” аймшигтай үр дагаварт хүргэж хүүхдийн өвдөг, хонго дээр ачаалал бий болгож байна.
Та доохи бичлэгийг үзэж хүүхэдээ зөв суулгахдаа анхаараарай
Гэрийн даалгавар хүүхдэд хэрэгтэй юу
Ер нь хүүхэд бүр гэрийн даалгавар хийх дургүй байдаг гэдэгтэй та санал нийлэх үү? Сурагчид гэрийн даалгавар өгдөг болсон жишиг 20 дугаар зуунаас эхтэй аж.
Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт шинэ систем нэвтрүүлж, тэр хэрээр эцэг, эхчүүдийн мэдлэг хоцрогдож, хүүхдийнхээ хичээлд хамтран оролцохдоо харьцангуй хойрго хандах болсон. Тэр нь хүүхдийн сурлагад ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Үнэхээр багш нарын ур чадвар л хүүхдийн сурлагыг тодорхойлох болсон гэхэд хилсдэхгүй.
Ингэхдээ бие дааж хийх даалгавар буюу гэрийн даалгаварыг маш ихээр нь өгөх болсон талаар эцэг, эхчүүд ярьж байна. Энэ нь нэг талаар хүүхдийн мэдлэг боловсролд чухал ч, нөгөө талаар хүүхдийг залхаах хандлагатай болжээ. Жишээ болгож нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн дөрөвдүгээр ангийн гэрийн даалгаварыг товчхон дурдъя л даа. Энэ улирлаар бага ангийн сурагчид нэг сарын хугацаанд амарч байгаа билээ. Энэ хугацаанд тус бүр 208 хуудас бүхий хоёр номыг уншиж, нэг дэвтэр сэтгэгдэл бичнэ. Мөн математикийн 145 бодлого, монгол хэл гэхэд хуулан бичлэг, цээж бичиг тус бүр нэг дэвтэр, дээр нь 100 хэлц үг тус бүрийг тайлбарлаж бичээд өгүүлбэр зохиохдаалгаварууд өгчээ. Эдгээрийг 30 өдөрт хуваагаад үзэхэд нэг өдөрт маш их ачаалал ногдож байгаа юм.
Ийнхүү сурагчдын улирлын “амралт”-ын богино хугацаанд энэ бүхнийг амжуулах гэж бяцхан сурагчид, эцэг, эхчүүд нэлээд асуудал болох нь мэдээж. Ийм хэмжээний даалгавар зуны амралтаараа хийх нь цаг хугацааны хувьд илүү тохиромжтой санагдав.
Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөх нь ямар ч ач холбогдолгүй, тэдэнд юу ч үлддэггүй бөгөөд дунд ангийн хүүхдүүдэд тэр нь бага зэрэг нэмэлт мэдлэгийг олгодог болох нь тогтоогджээ. Гэхдээ зарчмын хувьд гэрийн даалгавар хийх нь сурагчид бие даах чадварыг суулгадаг гэдгийг үгүйсгээгүй юм. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдээ гэрийн даалгавар хий хэмээн шаардаад байвал сурагчид хичээлдээ дургүй болох талтай аж. Мөн бас нэг жишээ сонирхуулахад Английн бага сургуулийн сурагчдад 10-30 минутад хийх гэрийн даалгавар өгдөг гэнэ. Бас нэгэн зүйлийг сонирхуулахад, хүүхэд гэрийн даалгавараа бүгдийг нь, мөн төгс хийх албагүй, түүнийг нь дүнгээр тооцох шаардлагагүй хэмээн олон орны багш, судлаачид дүгнэн хэлсэн байдаг байна.
Уг нь манай эцэг, эх, асран хамгаалагч нар Боловсролын тухай хуулийн 46.1.2-т заасны дагуу боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах эрхтэй байдаг. Гэвч ихэнх эцэг, эхчүүд энэ эрхээ мэддэггүй, мэддэг нь хүсдэггүй. Учир нь тэд дараа нь хүүхдээ ямар нэгэн байдлаар дарамт, шахалтанд орох вий хэмээн болгоомжилдог байна. Ер нь иргэд хууль дүрмээ сайтар мэддэггүйгээс иймэрхүү байдлаар ямар ч асуудлыг дуугүй, хэлээ хазаад өнгөрөөх нь элбэг. Ямартай ч багш нар хүүхдээ гэрийн даалгавар хийхийг хүстэл нь тиймсонирхолтой байдлаар даалгавар өгөхийн тулд сэтгэж ажиллах хэрэгтэй байна. Эс бөгөөс хүүхдүүд сургуулиас залхах хандлага нэмэгдсээр байна.
Ингээд эцэст нь би манайд ер нь гэрийн даалгаврын агуулга, хэмжээ, түүнийг гүйцэтгэх хугацаа, хэлбэрийн талаар тогтсон чиглэл байдаг болов уу гэсэн асуулттайгаа үлдлээ.
Та нялх хүүхэдтэй бол үүнийг уншаарай
Охин хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаарах ёстой хамгийн чухал 10 зүйл
1. Өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргаж, түүнийгээ чөлөөтэй илтгэж байхыг сурга. Охин хүүхэд өөрт нь таалагдахгүй зүйл байвал тэр бүхнээ шууд илэрхийлж, хэлж сурах нь чухал.
2. Маш тодорхой, бодит магтах хэрэгтэй. “Чи минь мундаг охин шүү” гэхээсээ илүү, “Чиний минь ой тогтоолт үнэхээр сайн шүү”, “Миний охин тоо цээжлэхдээ хамгийн мундаг нь” гэж хэлж байгаарай.
3. Хэн нэгэн найзынхаа төрсөн өдөрт уригдаагүй, хэн нэгэн хүүхэд охинтой чинь найзлахаас татгалзаж, элдэв үг хэлсэн бол яагаад гэдгийг нь тайлбарлаж өг. Энэ бүхэн охиноос чинь болохоос илүү бусад хүүхдийн бухимдалтай холбоотой гэдгийг ойлгуул.
4. Гэрийн даалгавар, үүрэгт ажлаа хийж байхад нь юу юугүй туслах гэж гараа оролцуулах хэрэггүй. Тодорхой хугацаанд өөрөөр нь хийлгээд, тусламж хүссэн үед л оролцож байгаарай.
5. Ямар спорт, нэмэлт дугуйлан түүнд илүү тохирох вэ гэдгийг өмнөөс нь бүү шийд. Харин өөрөө шийдсэнийх нь дараа дэмжлэг их хэрэгтэйг санаарай.
6. Танай хүүхэд охин байлаа гээд сул дорой байх ёстой гэсэн үг биш. Тиймээс юу, юугүй өмнүүр нь орж бөөцийлөх, хөл бөмбөг сагс тоглуулахгүй хорих, машинаар тоглоход нь гайхаж болиулах хэрэггүй. Харин ч дэмжиж өгвөл хүүхэд илүү өөртөө итгэлтэй, олон талын авьяастай болоход тусалдаг.
7. Эрүүл бие хамгийн сайхан гэдгийг ойлгуулах үйлдэл тогтмол хийж байгаарай. “Би хөөрхөн үү?” гэж асуухад нь “Тийм ээ” гээд чин сэтгэлээсээ хариул. Мөн гадаад төрхийг нь магтахдаа үйлдлийг нь ч давхар магт. “Чи минь өнөөдөр бүжгийн хичээл дээрээ уян налархай, жинхэнэ гоо охин шиг харагдаж байсан”, “Миний охины нүд ч гэрэлтээд л тун үзэсгэлэнтэй шүү” гэх мэт магтаал хэлээрэй. Бас сэтгүүл дээрх загвар өмсөгчид бодит амьдрал дээрх бүсгүйчүүдээс тун ялгаатай гэдгийг хэлж өгөөрэй. Гэр бүлийн гишүүдийн үгс маш их нөлөөтэй учраас хэзээ ч биенийх нь өөг онцгойлж хэлж болохгүй. Харин давуу тал бүхнийг нь магтаарай.
8. “Охин шиг сул дорой, охин шиг аймхай….” гэх мэтийн үгс огтхон ч хэлж болохгүй. Үүнийг сонссон хүүхэд өөрийнхөө чадварт эргэлзэж, аймхай, зориггүй болох нь бий. Ямар нэгэн шашин, мухар сүсэгтэй холбоогүй л бол өнөөдрийн нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгнийхээ хийж байгаа бүхнийг чаддаг, хийдэг болсон шүү дээ.
9. Үлгэр дуурайлал үзүүлэхүйц алдартнуудын тухай ярьж өг. Oprah Winfrey, Jennifer Lawrence,Ellen DeGeneres, Malala Yousafzai гэх мэт салбар бүрийн хүмүүсээс хэн ч байж болно. Тэдгээр хүмүүс хэрхэн хүнд хэцүүг давсан тухай, хэрхэн өөртөө итгэсэн тухай, хэрхэн мөрөөдлөө биелүүлсэн тухай залхаахгүйгээр бага багаар ярьж өгч байгаарай.
10. Охидын хүмүүжилд хөвгүүдээс олон зүйлээр ялгаатай. Гэхдээ хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл юм. Тиймээс зөв хийсэн үйлдэл бүрийг нь магт. Харин буруу хийснийг нь зэмлэхийн оронд хамт хийж, зааж өгч байгаарай.
Таны заавал мэдэх учиртай хүүхдийн хүмүүжлийн 4 үе
• Эхний үе буюу 5 хүртэлх нас
5 хүртэлх насанд хүүхдийн амьдралын идэвх, сониуч зан, сонирхол тогтдог. Энэ насанд нь хүүхдийг хориглохын оронд анхаарлыг нь өөр зүйлд хандуул. Хүүхдийг цохих, нүдэх ганц шалтгаан нь – тэд өөрөөр хариу өгч чадахгүйд байгаа юм. Хэрэв хүүхэд ямар нэгэн аюутай зүйл хийвэл – Та айсан царай болон айсан дууны өнгө гаргаарай. Хүүхэд тийм хэлийг маш сайн ойлгох болно. Хэрэв хүүхдийн 5 хүртэлх насанд нь дараад байвал хүүхдийн амьдралын идэвх, оюуны чадамж, дархлаа ч суларч дарагддаг бөгөөд бодолгүйгээр аливааг хийдэг, бүдүүлэг хүчинд л дарагддаг нэгэн болгож орхидог байна.
• Хоёр дахь үе ба 5-10 нас
5-10 нас бол хүүхдийн амьдралын дүрмийг дагах ба судлах үе юм. Энэ үед хүүхдийн логик сэтгэхүй болон оюуны чадамж эрчимтэй хөгждөг. Хүүхэд тухайн насандаа түүнийг үйлдэлд бусад хүмүүс ямар хариу үйлдэл /реакци/ гаргаж байгааг, мөн өөртөө бусдын эерэг хандлагыг хэрхэн төрүүлж, сөргөөс нь зайлсхийх талаар таамаглаж сурах ёстой. Түүнийг мэдлэгээр ачааллаж, өмнө нь даалгаварууд өгч, биелүүлэхийг шаардахаасаа бүү ай. Мэдээж тунг нь тааруулах хэрэгтэй. Хэрэв Та 5 хүртэлх насанд байсан шиг нь эрхлүүлсээр байвал хүүхэд нялх хэвээрээ өсч, хөдөлмөрлөх чадваргүй, бүр сэтгэлийн ямар ч тэнхээгүй, хүчин чармайлтгүй болох талтай.
• Гурав дахь үе буюу 10-15 нас
10-с хойшхи насанд нь – хүүхэдтэйгээ бүх чухал асуудлуудаар зөвлөлдөж, түүнийг өөрөөрөө бие даах боломжийг олгож, түүнийг магтаж урамшуулж байгаарай. Хэрэв Танд түүний ямар нэгэн зүйл нь таалагдахгүй байгаа бол шууд хориглохоос зайлсхийж, харин ямар сөрөг үр дагавар гарч болох тал дээр нь ач холбогдол өгөхийг хичээ. Энэ үед хүүхдийн бие даалт буюу сэтгэхүйн бие даасан байдал бүрэлддэг. Та хүүхдээ 10 нас хүртэлх шиг нь жаахан мэт хамгаалж тэтгэсээр байвал хүүхэд өөртөө итгэлгүй, тэр бүр хэрэгтэй нөлөөг үзүүлж чаддаггүй илүү бие даасан найзуудаасаа хамааралтай болгож болзошгүй.
• Сүүлийн үе буюу 15-с дээш нас
15 наснаас нь хойш – хүүхэддээ илүү хүндэтгэлтэй танд. Энэ үед түүнийг шинээр хүмүүжүүлэх нь оройтсон хэрэг болох бөгөөд зөвхөн өмнөх хөдөлмөрийнхөө үр шимийг хурааж авах л “ажил” үлдэж байна. Хэрэв 15-с дээш насны хүүхдээ үл хүндлэх аваас Таныг уучлахгүй бөгөөд эхний боломж гарахад үүрд орхих магадлал ихэснэ.
Хvvхдийн хvйс эцгээс нь шууд хамаардаг



Хүүхдээ хэрхэн аз жаргалтай болгож өсгөх вэ
Хүүхдийн сэтгэлзүйгээр мэргэшсэн япон судлаач Масару Ибука “Гурван наснаас хойш хожимдоно” гэсэн хүүхдийн хөгжлийн онолыг боловсруулжээ. Түүний “Гурван наснаас хойш хожимдоно” гэсэн хүүхдийн хөгжлийн онолыг боловсруулжээ.
Түүний “Гурван наснаас хойш хожимдоно” номноос дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Хүүхдээ хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт ололтуудаар хүрээлүүл. Сонгодог хөгжим сонсгож, уран зургийн галерейгаар оруул.
2. Хүүхдээ тэвэрч бай. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.
3. Хүүхэдтэйгээ хазгай муруй хэлээр бүү ярь. Төрсөн цагаас нь цэвэр, тод ярьж сурахад анхааарал хандуулаарай.
4. Хүүхэдтэйгээ өдөр бүр ярилц. Өдөр бүр харилцах нь гайхалтай үр дүнд хүргэдэг.
5. Тэдэнтэй бүү хэрүүл хий. Хүүхэд аливаа муу зүйлийг хүндээр тусгаж авдаг.
6. Хүүхэдтэйгээ хамт унтаж бай. Энэ нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг.
7. Бусадтай харилцахад нь зоригжуул, урам өг. Ингэснээ хүүхдийн оюун санаа, өрсөлдөх чадвар, тэргүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгож өгдөг.
8. Өөрийн үзэл бодлоо хамгаалахад нь бүү саад бол. Хүүхэд өөрийнхөө санаа бодлыг зөвөөр илэрхийлж эхэлснээр бусадтай харилцах чадварт суралцдаг.
9. Хүүхдийг бүү хазаарла. Тэдний үйлдлийг хязгаарласнаар оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ муутай болоход нөлөөлдөг.
10. Алгуурхнаар магт бас зэмлэ. Ялангуяа эрэгтэй хүүхдийг урамшуулахын зэрэгцээ сургамж өгөх зөвлөгөө хэлж бай.
11. Яаран сандран аливааг муу, сайн гэж ангилуулах гэсний хэрэггүй. Хүүхэд эхлээд эцэг эхийн тусламжтайгаар эдгээрийг ялгаж сураг. Харин цаашдаа өөрөө ялгаж, үнэлэлт дүгнэлт өгдөг болно.
12. Өөрийн сонирхсон зүйлээ хийхэд нь дэмж. Дуртай зүйлээ хийх нөхцөл боломжоор хангаж өгөөрэй.
13. Тэдний үйлдлийг тэнэг гэж бүү басамжил. Ийм үйлдэл хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.
14. Хүүхдийг өөрийн өмч мэтээр бүү ханд. Ингэснээр хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сулруулдаг.
15. Хүүхдийнхээ мэдрэхүйг хөгжүүл. Тэднийг зөөлөн, хатуу, хүнд, хөнгөн, гөлгөр гэх мэт аливаа зүйлд хүрч, мэдэрч үзэх боломжийг олгоорой.
16. Хүссэн бүхнийг нь бүү авч өг. Хэт их зүйл хүүхдийг сатааруулж, сурч мэдэхэд нь муугаар нөлөөлдөг аж.
17. Тоглоомны тайлал, дэс дарааллыг олоход тусал. Хүүхэд үнэнээс таашаал авахад суралцдаг байх хэрэгтэй.
18. Хүүхдийн загвар гаргах, хайчлах, нугалах, засварлах гэх зэрэг механик чадварыг хөгжүүл.
19. Тэдэнтэйгээ хамт алх. Алхахад хүний биеийн 639 булчингийн 400 нь ажиллаж байдаг.
20. Хүүхэд аливаад оролцсон тохиолдолд үр дүнд нь бүү анхаарал хандуул. Үр дүн бус оролцоо чухал.
21. Хүүхдийг бүү хүчлэ. Хүүхдийг хүслийнх эсрэг зүйл хийлгэхээр хүчлэх нь тэдний хувь тавиланг дорд үзсэн хэрэг болно.
22. Хүүхдийнхээ бодол санааг зоригжуул.
23. Эцэг эхчүүд хүүхэдтэй болохоос өмнө өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд “Хүүхдийг хамгийн сайн хөгжүүлдэг зүйл бол эхийн хайр” юм.
Хүүхдээ сайн хүн болгож өсгөхийн тулд байнга хэлж байх үгс
Сэтгэл зүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэрийг жагсаажээ. Ээж аавууд эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ.
1. Байнга хэлж байх үгс:
- Би чамд хайртай.
- Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.
- Чамд уурлалаа гээд хайрлахаа болихгүй.
- Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.
- Хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.
- Баярлалаа.
- Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.
- Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.
2. Ярьж өгөх зүйлс:
- Төрсөн (үрчилсэн) тухай түүхийг
- Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа
- Нэр өгсөн түүхийг
- Өөрсдөө жаахан байхдаа хэрхэн амьдарч байснаа
- Өвөө эмээ нар нь хэрхэн учирсныг
- Дуртай өнгөнийхөө тухай
- Өөрийг чинь заримдаа юу зовоодог тухай
- Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох
- Ойрын төлөвлөгөөгөө хуваалцах
- Хийдэг ажлынхаа тухай ярьж өгөх
3. Сонсох зүйлс:
- Машинд явж байхдаа хүүхэд чинь юу ярьж байгааг сонс.
- Тоглоом бол маш чухал зүйл тул тоглоомоо таалж, сонирхож буй эсэхийг сонсож мэд.
- Хүүхдэд чинь тулгарсан асуудлыг сонс.
- Тэвчээрийн дээд хэмжээн дээрээ ганц секунд нэмчихээрэй.
- Хүүхдийн чинь үгний ард нуугдаж байгаа санааг ойлгож сур.
4. Асуух зүйлс:
- Яагаад ийм юм болсон гэж чи бодож байна?
- Хэрвээ….яахав?
- Хоёлаа яаж үүнийг зөвөөр тайлбарлах вэ?
- Чи юуны тухай бодож байна?
- Өнөөдөр сонин сайхан юм юу болов доо?
- Энэ ямар амттай бол?
5. Үзүүлэх зүйлс:
- Ямар нэгэн зүйл хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах
- Өвсөөр шүгэл үлээхийг зааж өгөх
- Хөзөр тоглох, байшин барихыг зааж өгөх
- Талх зүсэхийг
- Хувцсаа эвхэхийг
- Мэдээлэл хайхыг зааж өгөх
- Эхнэрээ (нөхрөө) хүндэлж хайрладгаа харуулж байх
- Өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах
6. Цаг гаргах зүйлс:
- Хамтдаа барилгын ажлыг харах
- Шувуудыг ажиглах
- Хоол хийхдээ туслуулах
- Аялалд буюу аль нэг тийшээ хамт явах
- Хамт шавар шавхай туучих
- Ажлыг хүүхдийнхээ хурдад тохируулж хийх
- Хүүхдээ тоглож байх зуур дэргэд нь харж суух
Унтаж байгаа үрсийнхээ зургийг хэзээ ч бүү аваарай!
Унтаж байгаа хүний зургийг авч болохгүй, яагаад гэвэл хүн унтаж байхдаа их эмзэг, аливаа сөрөг зүйлд өртөмтгий байдаг. Сүнс шөнө хүний биеийг орхиж явдаг тул сул дорой, хамгаалалтгүй болдог гэж ойлгож болно.
Үнтаж байгаа хүн зураг дээр сүнсгүйгээр гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалалтгүй гэрэл зураг дээр гардаг учраас эргээд өөрт нь сөрөг нөлөөлнө. Бараг бүх зөнбилэгч, гоц чадвартай хүмүүс “Гэрэл зураг онцгой энерги агуулдаг, хүмүүсийн амьдралд нөлөөлөх чадвартай” гэдэг.
Иймээс хэрэв таны гэрэл зураг муу санаат хүмүүсийн гарт орвол танд муу юм тохиолдож магадгүй. Хар домыг буруугаар хэрэглэдэг этгээдүүд бий, тэд унтаж байгаа хүний гэрэл зургийг ашиглан түүний эрүүл мэнд, хайр сэтгэл, ажил терөлд маш их хор хөнөөл учруулж чадна. Хэрэв та санамсаргүй ийм зураг авахуулаад, түүнийгээ удаан хадгалбал өөртөө олон таагүй явдлыг дуудаж болзошгүй.
Иймээс унтаж байхдаа гэрэл зургаа авахуулахаас татгалз. Хэрэв нэгэнт ийм зураг авахуулсан бол түүнийг шууд устга. Шатаах буюу бул, энэ үед эхлээд эрүүл мэнд, авралын тухай залбирал унших хэрэгтэй. Тэр бүү хэл унтаж байгаа хүнийг зургийг аваад үхэл дуудаж магадгүй.
Эртнээс уламжилж ирсэн мухар сүсэг зарим нутагт бий. Гэрэл зураг бий болохоос өмнө нас барсан хүмүүсийнхээ тухай сүүлчийн дурсамжийг өөртөө үлдээх гэж тэднийг унтаж байгаагаар зуруулдаг байсан аж.
Ер нь нойр бол бяцхан үхэл гэж ойлгож болно. Иймээс унтаж байхдаа зургаа авахуулахаас татгалз. Тэр бүү хэл танд таагүй санагдвал ер нь зургаа авахуулах хэрэггүй. Гэрэл зураг онцгой шидтэй, хүчтэй, иймээс сайн сайхан явъя гэвэл зөвхөн сайхан ааштай үедээ зургаа авахуулах хэрэгтэй. Үур уцаартай, муухай ааштай, сэтгэл санаа тавгүй, эсвэл өвчтэй, өөрт таагүй хүмүүстэй цуг байхдаа, мөн унтаж байхдаа зургаа авахуулбал амьдралд гэнэтийн гай зовлон учрах шалтгаан болдог гэдгийг бүү март.
Хүүхэд халуурах үед яах вэ?
Хүүхэд халуурах шалтгаан өвдөхөөс гадна айсан үед бас халуурч болно. Өндөр халуурах нь маш аюултай учраас халуурч байгааг мэдмэгцээ яаралтай арга хэмжээ аваарай. Түргэн дуудаад ирэхийг хүлээж болохгүй шүү. Ихэвчлэн өндөр халуурах шалтгаан хоолой өвдөх, ханиад хүрч эхлэх, ам гэмтэх мөн вакцины 2 3 4 сартайд халуурдаг. Хүүхэд чинь халуураад эхэлвэл хамгийн түрүүнд хоолой амыг нь шалгахад гэмгүй. Доорх арга хэмжээг дараалан аваад үзээрэй.
-Халуурах үед бие их халсанаас шингэн дутагддаг учир шингэн сайн өгөөрэй.
-Парацетамол хүүхдийн наснаас хамааран 1/4-1/2-1 гэх мэт өгөх
-Нурофен сироп өгөх
-Параденк лаа 125мг-тайг шулуун гэдсээр хийх
-Их өндөр халуурч байгаа үед хүүхдийнхээ биеийг спиртээр арчих, спирт байхгүй бол архиар, бүр болохгүй бол чийгтэй даавуугаар ч арчиж болно.
-Толгойд хүйтэн жин тавих
Хүүхдээ компьютерийн ард хэр удаан суулгаж болох вэ?
Өсвөр насны хүүхдүүдийн өдөр тутмын амьдралыг компьютергүйгээр төсөөлөх аргагүй болсон. Хэдий ийм ч хүүхдүүдийн компьютерийн хэрэглээг хязгаарлах шаардлагатай. Ингэснээр тэдний эрүүл мэндэд анхаарч,хамгаалж байна гэсэн үг юм. Тав хүртэлх насны хүүхдийг компьютерийн өмнө суулгах хориотой байдаг байна. Харин 5-7 насны хүүхдүүдийг өдөрт 30 минут, 7-12 насны хүүхдүүд өдөрт нэг цаг, 12-16 насны хүүхдүүд хоёр цагаас хэтрэхгүй компьютерийн ард сууж болно гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Хүүхдүүд компьютерын ард удаан суувал хараа нь муудах, нуруу өвдөх, нүдний даралт зэрэг өвчнөөр өвдөх магадлал нэмэгддэг байна.
Анхаар: Хүүхдэд өгч болохгүй найман эм
1. Аспирин: Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь Reye’s Syndrome буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсанаас болж үүсэх эмгэгд хүртэх аюултай байдаг байна. Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг. Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юмуу эмчээс найрлаганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй бизээ.
2. Жоргүйгээр ханиадны эмийг авахгүй байх
2007 онд Америкийн Food and Drug Administration –с зарим нэг хүүхдийн ханианы эмийг 6 с доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулж байсныг санаж байгаа байхаа. /Tylenol, Johnson’s baby –н нэр төрлийн эмүүд/ Эдгээр эмүүдийг 6 с доош насны хүүхдэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг мөн 2-с доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюулгүй болохыг хараахан судлан шинжлээгүй байгаа билээ .Хэмжээ нь ихдвэл муу нөлөө ихтэй байх нь ойлгомжтой тиймээс таны хүүхэд ханиад хүрсэн бол өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх болон ахиухан шингэн юм уулгахыг танд зөвлөе.
3. Бөөлжис/Гулгилт/-ын эсрэг эм
Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхэддээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ханиад шуухнианаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурийн зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй. Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.
4. Том хүний эм уулгах
Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе.
5. Хэн нэг хүнд бичсэн эмийн жороор эм өгөх
Өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй үүнээс үүдэх хор хөнөөл ихтэй.Эмийг зөвхөн уг хүнийнх нь л өвчний байдалд тохируулж бичиж өгсөн байдагийг сана.
6. Хугацаа нь дууссан
Удахгүй хугацаа нь дуусах гэж байга эмийг бол шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэсэнээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлж эхлэнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүйтэй хугацаа нь дууссан эмийг жорлонлуугаа урсгаж болохгүй учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.
7. Парацетамол агуулсан
Халуун болон өвчин намдаахын тулд парацетамолын найрлагатай эмүүд байдаг гэвч хүүхэддээ дан парацетамолыг өгч болохгүй. Эм чинь л зөвлөсөн үед парацетамол болон Имопурофен /өвчин намдаагч/агуулсан эмийг хэрэглүүлээрэй.
8. Зажилдаг эм
Зажилдаг эм нь хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай байдаг. Хэрвээ хүүхэд чинь хатуу юм иддэг бол та зажилдаг эмийг сонгож болох ч эмээ өгсөнийхөө дараагаар иогурт ч юмуу шингэн зүйлийг идүүлээрэй. Сэрэмжлүүлэх зүйлс Ургамлын гаралтай ихэнх эмнүүд ургамлаас гаргаж авсан цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэсэн үүднээсээ аюулгүй байдаг ч гэсэн энэ нь хүүхдэд зүгээр гэсэн үг биш юм. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ихэнхдээ харшлын шалтгаан болж байдагаас гадна элэгийг гэмтээх болон цусны даралтыг ихэсгэж байдаг. Тун хэтрэх буюу буруу эмтэй холисон тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Хүүхэддээ ургамлын гаралтай зүйлсийг хэрэглүүлэхээсээ өмнө эмчтэйгээ сайн зөвлөөрэй.
Т.БИЛЭГ
Эх сурвалж:www.polit.mn
Ухаалаг утас удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн нүдийг хялар болгодог
Өсвөр насны хүүхдүүд ухаалаг гар утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдний гажиг үүсгэдэг байж болзошгүй байна. Энэ тухай өчигдөр Солонгосын Чоннам Их Сургуулийн эмнэлгийн эмч, эрдэмтэд анхаарууллаа.
Өмнөд Солонгосын Чоннам Их Сургуулийн эмч нар өсвөр насны хүүхдүүдийг 30 минутаас илүү хугацаагаар ухаалаг гар утас ширтэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Ойрын хялар өвчний оноштой өсвөр насны хүүхэд олон болсныг ухаалаг гар утас байнга ашиглаж байгаатай холбоотой байж болзошгүй гэж эмч нар дүгнэсэн байна. Эмч нар хялар өвчний оноштой7- 16 насны 12 хүүхдийг судалгаанд оролцуулсан байна.
Ойрын хялар өвчин нь барууныхны дунд ялангуяа 5 аас доош насныханд түгээмэл тохиолддог байна. Харин Өмнөд Солонгост ийм өвчин ховор тохиолддог. Судалгааны баг 12 өвчтөнийг өдөрт 4-8 цагийн турш ухаалаг утас ашигладаг болохыг тогтоосон байна. Түүнчлэн гар утас болон нүдний хоорондох зай нь 20-30 сантиметр байгааг тогтоожээ.
Эмч нар 12 өвчтөний гар утасны хэрэглээг хориглосноос 2 сарын дараа 9 өвчтөний хялар засагдсан байна. Энэхүү бодит үр дүн нь ухаалаг гар утасны хэрэглээ нүдний харааны гажигтай холбоотой болохыг баталж байна. Судалгааны баг өсвөр насны хүүхдүүдийг нэг дор 30 минутаас илүү хугацаагаар гар утсаа ширтэхээс зайлсхийхийг зөвлөж, хэрвээ хүүхдийнх нь нүд хялайх, хараа нь өөрчлөгдөх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөлөө.
Монгол ээжийн хүүхдээ өсгөх 13 мэх
Таван сайхан хүүхэдтэй нэгэн ээж хэрхэн эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлэх талаар зөвлөгөө нийтэлсэн нь олон хүний талархлыг хүлээгээд байна. Бид илүү олон хүнд амьдрал дээр туршигдаж, үнэн бодит гэдэг нь батлагдсан энэ зөвлөгөөг хүргэх үүднээс Ж.Найрамдалмаатай холбогдож, зөвшөөрөл авсны үндсэн дээр түүний зөвлөгөөг хүргэж байна. Ж.Найрамдалмаа “ЭЭЖ-хамгийн эрхэм алдар” Фэйсбүүк хуудас ажиллуулж эхэлжээ.
Би бол 5 хүүхэдтэй энгийн нэгэн ээж. Ээж хүний хувьд өөрийн санаа зовж явдаг нэгэн зүйлийн талаар та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэв. Сургууль, цэцэрлэгийн орчинд, үзвэрийн танхимд чипс, баталгаатай, баталгаагүй ундаа, цэлцэгнүүр элдэв зүйл барьсан хүүхдүүд нийтлэг дүр төрх болоод удаж байгаа. Тэр дүр зургийг харах бүртээ өөрийн эрхгүй санаа зовдог. Орчин үед хүнсний сонголт маш их болсон үүнтэй зэрэгцэн бид өөрсдөө хоол хүнсний орц найрлага, эрүүл ахуйн талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж, энэ талаар үр хүүхэддээ ч гэсэн сайн ярьж хэлж байхгүй бол болохгүй болжээ. Бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, ирээдүйн төлөө учир мэдэх бид л зааж, зөвлөж залж байх учиртай шүү дээ. Зарим эцэг эх маань учир мэдэхгүй хүүхдийнхээ хүсэл зоригт хөтлөгдөн хүсэл бүхнийг нь биелүүлээд байгаад жаахан харамсдаг. Хүүхдийг бага гэж бодолгүй сайн тайлбарлаж хэлж өгвөл маш сайн хүлээж авдаг шүү. гол нь үр хүүхдийн маань эрүүл мэнд шүү дээ. Энхрий үрс эрүүл чийрэг, өрх гэр бүр аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч явдаг учраас бага ч гэсэн өөрийн хуримтлуулсан туршлагыг аль болох олон хүнд түгээхсэн гэж хүсдэг. Шинэхэн ээж, эзэгтэй нарт маань хэрэг болж мэднэ. Та нар маань авах гээхийн ухаанаар хандаарай.
1. Ээж өөрөө үргэлж суралцаж байх
Юуны түрүүнд өрх гэрийн эзэгтэй, өөдөсхөн үрийн ээж болсон хүний хувьд охид эмэгтэйчүүд маань эрүүл зөв хоололт, эрүүл мэндийн боловсролоо өөрийн боломж бололцоогоор нэмэгдүүлж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Гэр бүлийн тань эрүүл мэнд эзэгтэй таны гарт гэдэг үгийг бид мартаж болохгүй. Бид дэлгүүрээс ямар бүтээгдэхүүн сонгох вэ, тухайн бүтээгдэхүүнийг юутай хольж хэрхэн боловсруулах вэ? Яавал эрүүл мэнддээ хор хөнөөл учруулахгүй байх вэ зэрэг олон чиглэлээр уншиж судлаж байхад илүүдэхгүй. Элдэв зөвлөгөөтэй сэтгүүл, вэбсайтаас гадна мэргэжлийн байгууллагуудын ном товхимол, вэбсайтууд олон байдаг. Тэнд яг таны танин мэдэхүй, эрүүл мэндийн боловсролд зориулсан мэдээллүүд байгаа. ЭЭЖ зөв сонголт хийж сурвал гэр бүлд тэр хандлага үргэлжлэх болно.
2. Зөв бүтээгдэхүүн сонгож хэрэглэх
Үүнд хоол хүнснээс гадна ахуйн ариун цэврийн болон ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийн сонголт ч хамаарна. Миний хувьд бага насны хүүхэдтэй болсноос хойш ахуйн цэвэрлэгээний бодисонд болгоомжтой хандаж, ихэнх бүтээгдэхүүнээс татгалздаг болсон. Мебель өнгөлөгч, цэвэр усаар зайлах шаардлагагүй бүх төрлийн гадаргуу цэвэрлэгч гэх мэт бодисууд нь агаарт ууршиж, бяцхан үрс маань тэдгээрээр амьсгалж энэ нь амьсгалын замын болон арьсны элдэв харшлын үндэс болж байгааг судлаачид анхааруулсаар байгаа.
3. Байгалийн гаралтай амтлагч сонгох
Шинэхэн эзэгтэй болоод өөрийн гал тогоонд элдэв шинэ жор турших, олон төрлийн амтыг туршиж үзэх маш сонирхолтой. Гэхдээ нэг зүйлийг анхааралдаа авахад илүүдэхгүй байх. Энэ бол ХООЛ АМТЛАГЧ. DASHIDA, VIGORA, үсү, ROLLTON, MAGGI, үхэр тахианы шөл гэх мэт амтлагчууд нь глютаминат натри буюу амт үнэрийг нэмэгдүүлэгч химийн бодисын найрлага мөн нэмэлт Е…орцуудтай байдаг. Эдгээр амтлагчийг бага орцоор амттай хоол хийж ашиг олох зорилгоор л ашиглагддаг. Айл гэрийн өдөр тутмын хэрэглээнд байж огт болохгүй зүйл. Хоол амтлагч гэдэг нь бидний мэддэг давс, перец, лаврын навчаас эхлээд цагаан гаа, орегано, базилик, таван халуун, гич гэх мэтээр асар олон төрөл байдаг. Эдгээр амтлагч нь ямарч нэмэлт хольцгүйгээр дангаар нь хатаасан хэлбэртэйгээс гадна натурал хэлбэрээрээ ч зөндөө байдаг. Хоол амтлахаас гадна уламжлалт анагаах ухаанд бол зарим төрлийн эм тангийн найрлаганд ч ордог. Иймээс бид эдгээр амтлагчны талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж, зүй зохистойгоор хэрэглэж заншвал амттай хоол идэхээс гадна эрүүл мэндийн давхар ач холбогдолтой шүү.
4. Багаас нь болох болохгүйг заах
Ээж болсон хүн бүр үр хүүхдээ эрүүл чийрэг өсөн торниосой гэж хүсдэг. Үүний тулд бид хүүхдээ бага гэж гололгүй багаас нь болох, болохгүйн заагийг тайлбарлаж өгч байх хэрэгтэй. Хүүхдүүд маш сайн ойлгодог юм шүү. Ингэж чадсанаар хүүхэд багаасаа эрүүл зөв дадал хэвшилтэй, зөв сонголт хийх ухамсартай болж өсдөг. Бид “за яахав, нялх юм. За яахав ганц удаа” гээд л хүүхэддээ элдэв буруу зуршлыг суулгаад байдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа “энэ бүр дийлдэхээ байлаа. Яахаараа ийм болчихдог байна” гэж шагширцгаадаг. Хүүхэд яг л цэвэрхэн хуудас шиг байгаа. Бид л тэнд анхны мөрийг нь гаргаж байгаа шүү дээ. Хүүхдийн хүмүүжил, болох болохгүйн заагийг мэдэж эхлэх нь хүүхэд нэмэлт хоолонд орох үеэс эхэлдэг гэж би ойлгодог. Учир нь хүүхэд тогтсон цагт, тогтсон ширээ сандалд сууж хоол идэж хэвшсэнээр хүүхдийн далд ухамсарт бага багаар “дэг журам” гэдэг зүйл сууж эхэлдэг. Хаа хамаагүй мөлхөөд л, араас нь дагаад л явбал “за ер нь бүх юм миний хүслээр юм байна” гэсэн далд мсж хүүхдийн тархинд бичигддэг юм шиг санагддаг. Энэ нь хүүхэд 6 сар хүрэх үе. Үүнээс хойш мэдээж хүүхэд хорвоотой илүү идэвхтэй танилцаж, илүү олон “хэрэг тарьж” эхэлдэг. Тэр үеэс эхлэн болохгүй бол болохгүй, болно бол болно гэдэг заагийг мэдрүүлж байх хэрэгтэй.
5. Эцэг эхийн сахилга бат чухал
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн сахилга бас маш чухал нөлөөтэй. Үүнд нэгэнт хүүхдэд өгч болохгүй зүйлс бол хүүхдийн гар хүрэхээргүй газарт хурааж хэвш.Тоглодог тоглоомных нь хажууд чухал хэрэгтэй зүйлээ тавьчихаад хүүхэд сонирхохоор нь “хүүе хаая” гээд хүүхдийг тэвдүүлээд байж болохгүй шүү дээ. Мөн өөрийн гэсэн орон зайг нь бүрдүүлж, энд чиний хүссэн бүхэн байгаа гэдгийг ойлгуулж, харин гэрийн тэр хэсэгт ээж аавд нь хэрэгтэй, миний хүүхэд хараахан хэрэглэх болоогүй зүйлс байгаа гэдэг заагийг ойлгуулчихвал хэн хэндээ амар байна.
6. Хоол уу хор уу гэдгийг ойлгуулах
Хийжүүлсэн ундаа, чипс, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг багаас нь л “энэ бол хүнс биш, эрүүл мэндэд муу” гэж ойлгуул. Дэргэд нь аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өөрийн биеэр үлгэрлэх нь олон дахин хэлхээс маш үр дүнтэй. Сахарын хэрэглээний сөрөг нөлөө хүүхдийн шүд хорхойтсоноор бидэнд анзаарагддаг. Шүдний эрүүл мэнд маш чухал “шүд эрүүл бол бие эрүүл” гэж бид мэддэг шүү дээ. Тэгвэл бас нэг сөрөг нөлөө байдаг.
Цусан дахь сахрын хэмжээ ихэссэнээр хүүхэд тогтворгүй, ааштай, түрэмгий, хэт хөдөлгөөнтэй болдог нь судалгаагаар батлагдсан.
Тав орчим наснаас нь эхлэн сахарын хэрэглээ, элдэв чихэр, ундаанд байдаг амт, үнэр орлуулагч хүнсний нэмэлтүүдийн талаар, тэдгээр нь эрүүл мэндэд ямар нөлөөтэй. Яагаад байнгын хэрэглээ болгож болохгүй вэ гэдгийг маш сайн тайлбарлаж хэлээрэй. Хүүхдүүд маш сайн ойлгодог бөгөөд цаашид дэлгүүрээс амттан сонгохдоо таны хэлснийг мартахгүй дагана.
7. Цагаан идээ өргөн хэрэглэх
Та хүүхдээ цагаар хоолло. Хоолны бус цагаар жимс, сүү, ааруул, ээзгий, тараг, аарц гэх мэт эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнүүдийг сонгон “хөнгөн зууш” болгоорой. Цагаар хооллоод, хоолоороо хангалттай шим тэжээл авч чадсан хүүхэд элдэв хөнгөн юм нэхэх нь ч бага байдаг. Зарим ээжүүд маань “би идэж чаддаггүй юм” гэх шалтгаанаар гэртээ цагаан идээ авдаггүй. Тэгвэл та өөрөө идэхгүй ч гэсэн хүүхдийнхээ хэрэглээнд тааруулаад бага хэмжээгээр гэртээ аваад хүүхдийнхээ гар хүрэх газар нь тавиад үзээрэй. Хүүхэд чинь маш сайн идэх болно. Ааруул, ээзгий гэх мэтийг хүлхэж, мэрж, чадахыгаа хазаж, зажилж идэх нь хүүхдийн эрүүний хөгжлийг дэмжиж өгдөг. Ингэснээр таны хүүхдийн сүүн шүд солигдох үед шүд нь жигд сайхан ургах болно.
8. Монгол арга
Сүү багатай ээжүүд маань хүүхдээ өлдсөн үед нь сүүл хөхүүлж байвал хоосон резин соск хөхүүлснээс хэд дахин илүү өгөөжтэй шүү. Мөн нэмэлт хоолонд орход нь тараг өгч эхэлбэл сайн. Сүүл хөхөж өссөн хүүхдийн дархлаа сайн байдаг. Мөн хожим шүд хорхойтох нь ч бага байдаг шүү.
9. Цагаан хорны тухайд
Хүүхдийг нэг ой хүртэл нь давс, чихэр огт амсуулах хэрэггүй. Томчууд бидэнд огт амтгүй мэт санагдана мэдээж. Гэтэл тэд маань угаасаа л элдэв хурц амт мэдэхгүй шүү дээ. Нэг ой хүртэл хүүхдэд давстай хоол өгөх нь бөөрний ачааллыг нэмэгдүүлдэг. Чихрийн сөрөг нөлөөний талаар бол та нар маань надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хүүхдийг 3 ой хүртэл нь болж өгвөл чихэр, шоколад, жүүсний амтыг бүү үзүүл. Гурван наснаас хойш бол “амттаны өдөр” тэй болбол зүгээр. Гэхдээ дэлгүүрт байгаа эрээн цаастай бүхэн амттай, биед хэрэгтэй байдаггүй юм гэдгийг хэлж тайлбарлаж байгаарай. Зарим нэг баталгаагүй хүнсийг бол шууд өөрт нь харуулж байгаад хаячих. Тэгвэл дахиж авъя гэхгүй.
10. Нүүрс усаар баялаг өглөөний хоол
Өглөөний хоол нүүрс усаар баялаг байх хэрэгтэй. Тэр утгаараа та өглөөний цайнд хүүхэддээ будаа, үр тарианы каш, гурилан бүтээгдэхүүн идүүлээрэй. Өдрийн бусад цагт бол гурилан бүтээгдэхүүн хэрэггүй. Ялангуяа цагаан гурилан бүтээгдэхүүн, печень гэх мэт нь сахарын орц ихтэй, цавуулаг чанар өндөртэй зэрэг мөн л эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Мөн ходоодыг хий дүүргэж хүүхдийн хоолны дуршлыг багасгаснаар хүүхэд хангалттай шим тэжээл авч чадахгүй.
11. Мөнгөний тухай ойлгуулах нь
Хүүхдээ 7 нас хүрэх үеэс гэрийн хоол хүнс цуглуулахдаа дагуулж яв. Ингэхдээ бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох талаар зааж өг. Бас өрхийн санхүү төсвийг хэрхэн хувааж зарцуулдаг талаараа цухас ярилцаж, харагдсан болгоноо аваад байвал ямар сөрөг үр дагавар гарах талаар ярилцаж бай. Хүүхэдээ багад болж өгвөл битгий дэлгүүрт дагуулж ор. Бүр орох шаардлагатай бол орхоосоо өмнө ярилц “ээж нь дэлгүүрт орж ийм зүйл авах хэрэгтэй. Үүнийг аваад л болоо шүү” гээд эсвэл “дэлгүүрт ороод 2улаа яг тийм л юм авна шүү. ээжид нь илүү мөнгө байхгүй байна” гэх мэтээр. Тэгвэл хүүхэд их хөөрхөн ухаалаг шүү.
12. Хүүхдэд чихэр бэлэглэх зөв үү?
Хүмүүс хийжүүлсэн ундаа биш юм чинь гээд элдэв жүүс, цай авч өгөх нь элбэг байдаг. Гэтэл тэд нар нь нөгөө л коланаасаа дутахгүй сахарын орцтой шүдний алуурууд байдаг. Бас натурал орц байхгүй нөгөө л амт, үнэр оруулагч химийн гаралтай бүтээгдэхүүн найруулсан ус байдаг нь харамсалтай. Миний хувьд хүүхдүүдийнхээ бэлгэнд ирсэн амттанг бүр бага байхаас нь “ээждээ өгөөрэй” гээд “хурааж аваад” сургачихсан. Том болсон хойно нь ганц нэгийг нь өөрт нь өгөөд бусдыг нь бүгдийг нь далд хийдэг. Тэгээд айл руу, аавынх нь ажил руу, тавгийн чихрэнд гэх мэтээр “устгадаг” smile эмотикон энэ магадгүй ХАРГИС санагдаж байж магад гэхдээ энэ бол үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө, зүй зохистой, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх зорилготой юм шүү дээ. Манайхан шиг “хүүхэд хөөрхөн шүү, чихэр гоё шүү дээ” гээд хүүхдэд өөрийн гараар “хор” өгөөд байдаг улс ер нь цөөн байх.