Бэр эгч маань өглөө над руу залгаад нэг сартай бага хүү нь ханиад хүрээд хамар нь битүүрээд байгаа талаар ярьсан юм. Манай 4 сартай бага хүү бас ханиад хүрээд одоо л гайгүй болж байгаа юм л даа. Бэр эгч маань надтай ярихаасаа өмнө хүүхдийнхээ хамрыг ухаж, сүүлдээ ямар дусаалга дусааж болох талаар бодсон байжээ.
Харин би өмнө хүүгээ хүүхдийн эмчид үзүүлэхэд “Нярай хүүхдийн хамрыг ухахгүй шүү. Салин гэдэг дусаалга дусаагаад доош нь харуулаад хэвтүүлээрэй. Нус нь өөрөө гараад ирнэ” гэж хэлж байсан юм.
Би тухайн үед юу л бол доо, хүүхдийн хамрыг ухахгүйгээр нус нь гарна гэж юу байдаг юм гэсэн ухааны юм бодоод л гарсан юм. Ингэхдээ нөгөө Салин гэдэг дусаалгыг нь эмийн сангаас авчихсан.
Анхандаа хүүгийнхээ хамарт дусаачихаад доош нь харуулаад хэвтүүлэхэд уйлчих гээд байхаар нь тэвэрчихдэг байлаа. Тэгээд л ямар ч нус наашаа гарч ирэхгүй мөртлөө цаанаа нус дуугараад л байсан юм.
Сая ханиад хүрэхэд нь бас л өнөөх Салинаа дусаачихаад хүүгээ доош нь харуулж хэвтүүлээд 10 минут нуруунд нь доргионтой массаж хийж өглөө. Хүү уйлаад л, би хугацааг нь дуустал массажаа хийгээд дуусаад дээш нь харуултал нээрээ хоёр хамраас нь нус нь булталзаад гарчихсан, бүр зарим нь уначихсан байсан.
Тэгэхээр хүүхдийнхээ хамрыг цэвэрлэх гэж байгаа бол Салин уусмалыг дусаачихаад 5-10 минут доош нь харуулаад хэвтүүлээд үзээрэй. Ингэхэд нус нь өөрөө аяндаа гараад ирдэг юм байна шүү.
Нярай хүүхдийн хамрыг ухаж болдоггүй. Учир нь хамрын салстыг гэмтээх магадлал маш өндөр гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна шүү, ээжүүд ээ. Бас хамар нь битүүрчихлээ гээд элдэв дусаалга дусааж бүр ч болохгүй.