Анхнаас нь зааж өгөөгүйгээс шалтгаалан хүүхэд шүдээ буруу угаагаад сурчихдаг. Мөн шууд “Шүдээ угаа” гэж тулган шаардвал хүнд ажил, шийтгэл мэтээр хүлээн авснаар шүдээ угаах дургүй ч болдог. Тэгвэл яаж үүнийг дадал болгож, зөв зүйл гэдгийг нь ойлгуулах вэ?
Ой хүртэл эцэг эх нь шүдийг нь угааж өгч болно.Түүнээс хойш өөрөө угааж чадаж байвал өөрөөр нь угаалгах ба эцэг эх нь угааж өгсөн ч болдог.Хамгийн гол нь багаас нь зөв, тогтмол шүдээ угаадаг болгож хэвшүүлэх юм.
Хэрвээ зориулалтын бээлийн сойзтой бол (Америк барааны дэлгүүрүүдэд зарагддаг.):
Шүдээ угаах үед хүүхдээ өөрөө барьж, сойзоороо тоглохыг нь зөвшөөр. Хориглох тусам хүүхэд шүдээ угаах дургүй болно.
Хэрвээ чиний хүүхэд хоёр ой өнгөрчихсөн бол:
Сойзоо өөрөөр нь сонгуул. Хүүхдээ дэлгүүрт авчраад хүссэн загвар, зураг, хэлбэртэй сойзыг нь сонгуул. Ингэхээсээ өмнө сонголтонд орох сойзууд чанарын шаардлага хангахад анхаарал тавих хэрэгтэй нь ойлгомжтой. Хүүхэд хүссэн сойзоо авчихвал шүдээ угаахад нэг алхамаар дөхнө. Мөн оо сонгохдоо дуртай амттантайг нь аваарай.
Хүлээлттэй байх хэрэггүй
Хүүхэд хоёр ой хүрээд л сойзоо барьж байгаад амны хөндийгөө бүрэн цэвэрлэж чадахгүй. Тийм болохоор бүх шүд, буйл, хэлээ цэвэрлэх ёстой гэж хүлээж, шаардах хэрэггүй. Эхлээд сойз, оонд дасга. Дараа нь бага багаар зөв угаах дадлыг нь зааж өгөөрэй.
Үлгэр жишээ үзүүл
Хүүхэд эцэг эхийнхээ хийсэн бүхнийг дуурайх дуртай. Тиймээс хажууд нь шүдээ угаа. Угааж байхдаа, дуусахдаа ч сэтгэл хангалуун байгаагаа харуул. Чамайг угааж байхад сонирхоод байвал оо, сойз өгөөд дуурайхыг нь зөвшөөр.
Ээлжил
Хүүхэд шүдээ бүрэн угааж чадахгүй учраас өглөөд өөрөөр нь угаалгаад оройд өөрөө зөөлнөөр угааж өгч үзүүл.
Хамт угаа
Дээр дурдсанчлан хүүхэд ээж аавыгаа дуурайх дуртай. Тиймээс угаалтуурын өмнө зогсоод хамтдаа угаа. Мэдээж тэр сайн чадахгүй учраас төгсгөлийг нь чи л хийх хэрэг гарна даа.
Электрон сойз хэрэглэ
2 минутын тохиргоон дээр нь тавиад хүүхдэдээ бариулчих. Хүүхэд аман дотроо байлгаж байгаа цагт сойз үүргээ гүйцэтгэсээр байна.
Магт
Сойзоороо зөвхөн тоглож байсан ч магт. Сойзоо барих бүрт магт. Тэгвэл хүүхэд дуртай байх бөгөөд магтах зуураа оог нь түрхээд бариулчих.
Саатуул
Сандал дээр нь суулгаад Baby Tv, Masha & Misha, Tom & Jerry гэх мэт дуртай ямар нэг киног нь тавь. Кинондоо анхаарч байх зуур нь алгуурхнаар шүдийг нь цэвэрлэ.
Усанд орох үед нь угаа
Ванн дотор суулгаад сойзыг нь өг. Тэгээд усанд орохдоо хэрэглэдэг шар нугасны шүдийг угааж харуулаад дараа нь өөрөө угаах хэрэгтэйг сануулаад угааж өг. Өөрөө угааж байвал бүр сайн.
Хоёр сойз ав
Нэгийг нь тоглоход нөгөөг нь шүдээ угаахад зориул. Хүүхэд харсан бүхнээрээ тоглохыг хүсдэг учраас нөөц сойзоор анхаарлыг нь сарниулж, тоглуул.
Боломжтой бол дуртай бүх үлгэрийн баатруудтай сойзыг нь ав
Орой бүр аль сойзоор угаахыг нь сонгуул. Хүүхэд дуртай сонгоно доо.
Шүдний үлгэр ярьж өг
Хэрвээ хүүхэд чиний яриаг ойлгох насанд хүрсэн бол шүдний мангасууд шүдийг нь идэж дуусгахаар хүлээж байгаа тухай, шүдний оо тэдгээр мангасуудыг шууд устгадаг тухай үлгэр зохион ярьж өг. Мөн шүдээ угаахгүй байх үед тэр үлгэрийг аав ээждээ, дүүдээ, найзууддаа ярьж өгөхийг хүс.
Дуу зохио
Хэрвээ боломжтой бол бүжиг оруулсан ч болно. Хүүхэдтэйгээ хамт дуулаад, бүжиглээд угаавал хүүхэд дуртай байдаг.
Тоглоом тогло
Шүдийг нь угааж эхлэхдээ сойзыг нь гаргаж ирээд тоглоомоор хамар, хацар, эрүүг нь зөөлнөөр угаа. “Одоо нүдийг нь, одоо хацрыг нь, за одоо шүдийг нь..” гэх мэтээр бага зэргийн ая оруулаад дуул
Зааварчил
“За одоо хойд талын шүдээ, дараа нь дээд талын шүд, за одоо үүдэн шүдээ…” гэх мэт угааж байхад нь зааварчил. Чадахгүй бол өөрөө угааж өг. Тэгэхгүй бол нэг л хэсгийг угаагаад сурчихдаг. Ер нь түүнд үүнийг сургахад нэлээд хугацаа бас тэвчээр шаардана гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй шүү.
“Амаа арслан шиг том ангайгаарай” гэж байгаад өөрөө шүдийг нь сойзод
Амыг нь угааж байх зуураа хөгжилтэй үйлдэл мэт ойлгуул.
Дуртай дууг нь тавь
Хэрвээ хүүхэд чинь “Frozen – Let it go” дуунд дуртай бол шүдээ угааж байх зуур энэ дууг нь тавиад өгчих. Тэгвэл дуу дуусах хүртэл анхаарал нь төвлөрч шүдээ угаалгана. Үгүй бол тоглох гээд л гүйгээд явчихна шүү.
Энэ мэтчилэн ээж аавуудын бодит туршлага олон бий. Үүнээс гадна анхаарах зүйлс бол:
– Хүүхдээ 1 сар хүрсэн цагаас эхлэн чийгтэй цэвэр даавуугаар амны хөндийг нь цэвэрлэж занш.
– 4-өөс дээш шүдтэй болоход нь оогүй, цэвэр сойзоор цэвэрлэж эхэл.
– Ой хүртэл оо хэрэглэхгүй.
– 2 настайгаас нь хойш хүүхдийн фтортой оо хэрэглэ.
– 3 нас хүртэл маш бага оо хэрэглэнэ.
– Хүүхэд шүдийг хамгийн багадаа 3 минут угаах ёстой.